1990 оны хавар. Үсэглэлийн баяр. Хөвгүүд бүгд “даалимба” хэмээх тухайн үеийн нийтлэг даавуугаар оёсон ижил дээлтэй. Харин Б.Очирням ганцаараа хөх торгон дээлтэй. Зах зээлд дөнгөж шилжиж байсан тэр үед ээж аав нь зах дээр очтол даалимба дуусчихсан, өөр даавуу олдохгүй болохоор нь нэгдүгээр анги төгсөж буй хүүдээ торгоор дээл хийж өгчээ. “Манай анги 30 гаруй хүүхэдтэй, бараг бүгдээрээ даавуу дээлтэй, харин би ганцаараа хөх торгон дээлтэй, содон төрхтэй зогсож байгаа тэр зураг одоо ч надад бий” хэмээн тэр инээмсэглэн дурсав.
Гэхдээ түүний торготой танилцсан түүх үүнээс эрт эхэлж, багаасаа “торгомсог” орчинд өссөн юм. Ээж, эмээ хоёр нь өөрсдөө торго дурдангаа сонгож, өөрсдөө эсгэж, оёдог байлаа. Заримдаа ээж нь гадаадын гоё сэтгүүл дээрх эсгүүрийг ашиглан өөртөө хувцас урладаг байв. Ховор нандин материалын хээ, уналт, өнгө, бүтэцтэй “гар нийлүүлж” ажилладаг байсан нь хүүд нь өнгө мэдрэхүй, материалын дуу чимээг “сонсох” чадварыг суулгажээ. Тиймээс “Торго бүр өөрөөр ярьдаг” гэж Б.Очирням ярих дуртай. Тэрээр хүүхэд байхдаа ээж, аавынхаа бизнест тусалж, торго зөөж, ангилж, боож баглаж өгдөг байсан. Гэвч энэ нь ердийн нэг “ажил” бус, харин материалын ухаантай харьцах “анхны хичээл” байжээ. Өнөөдөр ч түүний ойр орчны хүмүүс “эрэгтэй хүн гэхэд өнгөний мэдрэмжтэй” гэж хэлдэг. Б.Очирням үүнийг өөрийнх нь “эмээ, ээж хоёрын гоо зүйн өв” гэж үздэг. Тиймээс “Торго” гэх үг түүнд зөвхөн материал биш, харин хүүхэд насны дурсамж, гэр бүлийн уур амьсгал, өөрийгөө өөрөөр мэдрэх эрх чөлөө зэргээс бүрдсэн түмэн мэдрэмжийн багц байв.

Гэхдээ Б.Очирням хувцас, загварын чиглэлээр суралцаагүй. Тэр эдийн засагч мэргэжил эзэмшиж, АНОД банканд ажиллаж, газрын захирлын түвшинд хүртэл дэвшсэн байна. Энэ хооронд тэр бизнес хэрхэн ажилладгийг дотроос нь харж, жинхэнэ бизнес ямар байдаг, алба хэлтсүүд яаж ажилладаг зэрэг бүх л менежментийн ажил, компанийн процесстой танилцсан байна.
Дараа нь тэр хэсэг хугацаанд худалдааны бизнес эрхэлж, ингэхдээ нэг зүйлд гүн итгэлтэй болсон байна. Тэрээр “Бизнест брэнд үүсгэх нь маш чухал, эс бөгөөс эзнээ тойрсон бизнес хүчирхэг брэндгүй л бол амин сүнсгүй болдог” гэдгийг сайн ойлгожээ. Тиймээс тэр “Түмэн торго” компанийг байгуулж, зүгээр нэг ашгийн төлөө ажилладаг компани бус, тодорхой үнэ цэн буюу брэнд бүтээгч систем болгон хөгжүүлэхийг зорьсон байна.
2010 онд Б.Очирням компаниа албан ёсоор байгуулж, хоёрхон оёдолчинтой үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Тэр үед хүмүүс хурим, цагаан сар, бэр гуйх зэрэг цөөн тохиолдолд л торгон дээл өмсдөг байв. Түүний гаргасан анхны загвар харьцангуй хялбар хийцтэй байсан ч өнгөний зохицлыг сайн гаргаж чадсан нь зах зээлд “од” болж, хүмүүсийн баярын гол гоёл болж байв. Ингэснээр түүний хүүхэд насандаа аав ээжийн дэргэд олж авсан мэдрэмжийн түвшин дэх мэдлэг бодит бүтээл болж эхэлжээ.
Тэр “мэргэжлийн бус” байсан ч мэдэхгүй зүйлээс айгаагүй залуу хүний зоригоор бизнесээ эхэлжээ. Анхнаасаа л үйлдвэрлэл хэмээх хэцүү учраатай нүүр тулж, маркетинг, загвар, борлуулалт гээд бүгд л туршилт, алдаа, залруулга, үл мэдэхийн цуваа байлаа. Гэсэн ч амьтай, өөрийн өнгөтэй брэнд байгуулах зам руугаа хэдийнээ орсон байв.
Инновацлаг шийдлийн гурвалжин ба брэндийн ДНХ
Түмэн торго бол зүгээр нэг загварын компани биш, энэ бол урлаг, үйлдвэрлэл, хэрэглэгч гурвын уулзвар дээр орших үнэ цэнийн бүтэц. Б.Очирнямын хувьд “дээл” гэдэг үг уламжлалт хэрэглээнээсээ илүүтэй “харагддаг” урлаг, “амьсгалдаг” дизайн, “амьдралд шингэдэг” эд хэрэглэл байх учиртай зүйл болсон. Тэр өөрийн бүтээлүүдийг гурван тулгуур зарчимд тулгуурладаг гэж ярилаа. Нэгдүгээрт, санаа буюу урлаг. Хоёрдугаарт, Монгол соёл. Гуравдугаарт, үйлдвэрлэлийн стандарт. Энэ гурвыг цогцоор нь шингээсэн бүтээгдэхүүн л хэрэглэгчид үнэ цэн өгч чадна гэж тэр итгэдэг.
Энэ утгаараа зураачийн зурсан хээ угалз бүхий дээл өмсөх нь дан ганц гоёл биш, соёлоо хамгаалж буй үйлдэл юм. Дээл гэдэг бол бэлгэдэл, зан үйлийн хэл. Шинийн нэгэнд өмсөх, мөр гаргах, ахмад настантайгаа золгох гэх мэт хэрэглээний гүн утгатай. “Өмсөж болдог урлаг” гэх ойлголт нь Б.Очирнямын хувьд философи төдийгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн систем юм. Б.Очирням тодорхой бүтээгдэхүүний төсөл дээр ажиллахдаа хэрэглэгчээс эхэлдэг. Хаана, хэзээ, ямар насны хүн өмсөх вэ, ямар Монгол соёл шингээх вэ гэх мэт олон хүчин зүйл тодорхой болсны дараа материал, хээ, үйлдвэрийн хүчин чадал, хүний нөөцийн ур чадвар зэрэгтэй уялдуулна. Хязгааргүй сэтгэх боломж байвч үйлдвэр, зардал, техник технологи нь практик шийдлийг шаарддаг. Иймд “урлаг” ба “үйлдвэрлэлийн бодит байдал”-ыг дунд нь тэнцвэртэй авч явахыг хичээдэг.
Б.Очирнямын бий болгосон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн систем нь “урлаг + үйлдвэрлэл + зах зээл” гэсэн гурвалсан уялдааны илэрхийлэл болдог.
2015 онд Б.Очирням бизнесээ тэлж, илүү олон ажилтантай болсны дараа зорилготойгоор цаг гарган сургалтууд авснаар “брэнд өөрийн ДНХ-тэй байх ёстой” гэдгийг ойлгож, “Түмэн торго”-ын ДНХ бол торго өөрөө гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ зүгээр нэг материал бус, дээр нь өөрийн код, дүр, өгүүлэмжийг шингээсэн байх ёстой гэж үзсэн нь зураачидтай хамтран ажиллах санааг төрүүлжээ. “Түмэн торго” компани Л.Амарсанаа, Э.Түвшинтөр В.Ундраа, Д.Давааням зэрэг зураачидтай хамтарч загварын дотор, гадна аль алийг уран зурагтай болгох туршилт хийсээр ирсэн байна.
Б.Очирням өнөөг хүртэл 1000 гаруй хээ угалз судалсан нь нэг ёсондоо түүний “хязгааргүй нөөц” болж байна. Ялангуяа, XIII–XV зууны хээ угалз хамгийн баялаг гэж тэр үздэг бөгөөд Манжийн үеийн соёл ч бас сэтгэл татам. Хэдхэн жилийн өмнө монголчууд Хятад, Энэтхэг, Япон зэрэг улсаас торго импортолж, монгол дээл, гоёлын хувцсаа урладаг байсан ч тэдгээр торгоны хээ угалз, өнгө дүрслэлд хятад ханз, гадаад соёлын бэлгэдэл давамгайлдаг байв.
Тэгвэл “Түмэн Торго”-ын дизайнер, зураачид сүүлийн 10-аад жилийн турш тасралтгүй ажиллаж, 30 гаруй монгол бэлгэдэл бүхий өвөрмөц хээтэй торгоны загварыг зохиожээ. Эдгээр бүтээл нь оюуны өмчөөр баталгаажсан бөгөөд монгол соёлыг даавуунд шингээсэн орчин үеийн уран бүтээл болон үнэ цэнээ улам өсгөж байна. Тухайлбал, “Дөрвөн хүчтэн”, “Монгол бичигтэй торго”, “Мандала”, “Угалзан хээ”, “Түмэн хээ” зэрэг загварыг урлаад байна. Ийм байдлаар “Түмэн Торго”-ынхон хээ угалзны баялаг өгөгдлийг код болгон хувиргаж, хуулбарлахад бэрх үнэ цэн бий болгохыг зорьж буй.
“Түмэн торго” бол түүний хувьд нэг хүний амбиц дээр тогтсон компани бус, харин Монгол гэдэг агуулгын дотоод орон зай, соёлын ярианы цар хүрээ, хүн төрөлхтний сэтгэл зүйн зураглалд өөрийн өнгөөр оролцох алхам.
Тийм ч учраас Б.Очирням материалын чанарт өндөр шалгуур тавьдаг. Торгоны үнэр, дуу чимээ, уналт, амьсгалах чадвар гээд мэдрэмж бүхэн шалгуур болдог. Цэвэр торго нь синтетик бодисгүй, зөөлөн, тод өнгөтэй, харьцангуй дуулгавартай. “Торгоны хэлээр ярилцаж” өссөн тэрээр энэ мэдрэмжийг амьдралын туршлага, гоо зүйн боловсрол болгон хувиргасан. “Түмэн Торго”-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дараалал нь олон шат дамжлага бүхий бүтээлч үйл явц байдаг. Уран бүтээлч, бас захирлын хувьд Б.Очирням бүх шат бүрийг урьдчилан төсөөлж, анхны санаанаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл мэдрэмжийн төвшинд удирдаж явдаг. Заримдаа хэрэглэгчийн байдал, соёлын чиг хандлагаас шалтгаалан 10 орчим санаа зэрэг гарч ирэх нь ч бий. Эдгээрийн хувьд тэр бүрд нь өөр хувилбаруудыг боловсруулж, тухайн улиралд хамгийн тохиромжтой гэж үзсэн үндсэн нэг санааг сонгоно. Тэр сонголт хийгдсэний дараа зургийн ажил эхэлнэ.
Тухайн материал дээр зураглалыг эхлүүлэх үед материалын бүтэц, өнгө, уналт, гэрэл ойлголт зэргийг урьдчилан мэдэрч, түүнд таарсан дүрслэл хийх шаардлагатай болдог. Энэ үед зураачийн гараар зурсан хээ, түүний дараа компьютер графикчийн боловсруулалт орж ирнэ. Хээ загвар бэлэн болсны дараа уг хээг суулгах хувцасны загварыг боловсруулж, дизайнерын баг бүхэлдээ харилцан хамааралтай ажиллаж эхэлдэг.
Хээ, загвар хоёр нэг цогц болж эцэслэгдсэний дараа туршилтын загвар хийж, өмнөх бүтээлүүдтэй харьцуулан аль элемент, өнгө, эсгүүрийг хадгалах, шинэчлэх эсэхийг шийддэг. Энэ бүхнийг загварын хуралдаанаар хэлэлцэж, үйлдвэрлэлийн шийдвэр гарсны дараа хэдэн метр материалаар хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэдэн оёдолчин ажиллах, ямар хэмнэлээр гүйцэтгэх зэргийг төлөвлөнө.

Бүтээгдэхүүн бэлэн болсны дараа маркетинг, контент хөгжүүлэлтийн баг ажиллаж, тухайн бүтээлтэй уялдсан мэдрэмжийг дамжуулах зураг авалт, түүхэн өгүүлэмж, хэрэглэгчийн хандлагыг бүрдүүлж, зах зээл дээрх байр сууриа тодорхойлно. Энэ бүх шат бүрд Б.Очирням зөвхөн төслийн удирдагч биш, мөн мэдрэмж шингээгч, шүүлтүүр, бүтээлч нэгжийн төв цэг болж оролцдог. Маркетинг, контент хөгжүүлэлт нь бүтээгдэхүүнтэйгээ зэрэгцэн явдаг энэ систем нь түүний үүсгэсэн “урлаг+үйлдвэрлэл+зах зээл” гэсэн гурвалсан уялдааны илэрхийлэл болдог аж.
Тухайлбал, Наадам, Цагаан сарын өмнөх сарууд бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хамгийн идэвхтэй үе бөгөөд шинэ загваруудаа зах зээлд танилцуулдаг уламжлалтай. Жишээ нь, тэд 2025 оны Цагаан сард зориулж австрали нэхий дээл бүтээжээ. Учир нь Австралийн хонины ноосны зөөлөн бүтэц нь Монгол орны эрс тэс уур амьсгалд илүү тохирсон, дулаан чанартай бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой байдаг.
“Түмэн торго”-ын бүтээгдэхүүнүүдийн нэг чухал онцлог нь гоёлын хэрэглээ төдийгүй өдөр тутмын практикт нийцсэн байдал. Өөрөөр хэлбэл, Монголд өмсөх хувцас хамгийн түрүүнд дулаан байх ёстой. Тиймээс өдөр тутамд өмсөх хувцас нь үндэсний хэлбэр хийцийг алдагдуулахгүй байх, орчин үеийн технологи шингээсэн байх, хэрэглэгчийн ахуйн хэмнэлд зохицох зэрэг олон шаардлагыг нэгтгэх сорилттой тулгардаг.
Аливаа брэнд өөрийн ДНХ-тэй байх ёстой бөгөөд “Түмэн торго”-ын ДНХ бол торго юм.
Эдгээр сорилтыг шийдэж, амжилтай болсон төслийн нэг жишээ бол “Түмэн торго”-ын багийн туршилт хийж, нано технологид суурилж бүтээсэн “Аква дээл” дээл юм. Энэхүү дээл нь ус нэвтрүүлдэггүй хэрнээ агаар чөлөөтэй нэвтрүүлдэг технологиор хийгдсэн нь хэрэглэгчийн биед тав тухтай, хотын болон хөдөө хээрийн нөхцөлд аль алинд зохицох шийдэл болсон. Үүнээс гадна “TUTO дээл” нь дулаан, биед эвтэйхэн хийцээр аялал, хөдөө гадаа явахад тохиромжтойгоороо ялгардаг.
Хэрэглэгчийн ахуйн асуудлаас урган гарсан өөр нэг шийдэл бол салдаг түрийтэй арьсан гутал. Дээлний хослол болгож ганц удаа өмсөх гуталд хэт их хөрөнгө зарцуулах боломжгүй гэсэн олон хэрэглэгчийн саналыг тусган, “түрий нь салдаг” арьсан гутал зохион бүтээжээ. Үүнийг хэрэглэгчид монгол цамц, дээлтэйгээ түрий залгаад гоёлд өмсөх, түрийг салгаад хавар, намарт тохируулан хэрэглэх боломжтойг нь үнэлж, таатай хүлээн авсан.
Энэ мэт жишээ нь “Түмэн торго” зах зээлийн эрэлт, хэрэглэгчийн амьдралын хэмнэл, үндэсний хэлбэр хийцийн тэнцвэрийг хэрхэн бүтээлч байдлаар шийдэж буйг харуулж байна.
2024 оны өвлийн “Гоёл наадам”-д “Түмэн торго” шилдэг загварын товчоогоор шалгарч байсан бол 2025 оны наадамд Б.Очирням өөрөө “Шилдэг залуу дизайнер”-аар шалгараад байна. Тэрээр торгон гутал, цүнх зэрэг торгон эдлэлд анхдагч санаа шингээсэн загваруудаараа онцгойрчээ. Түүний хувьд торго бол зүгээр нэг материал бус, загварын амин сүнс.
Торгоор дамжуулан илэрхийлэх мессэжээ илүү сайн ойлгуулахын тулд тэр загварын шоу бүрийн зохиомжийг өөрөө боловсруулж, түүхэн өгүүлэмж, хөгжмийн зохиол, дэлгэцийн бичлэг, уншлага зэрэг мультимедиа элементийг хослуулдаг. Ингэснээр түүхийн тодорхой үеүдээс сэдэвлэсэн загваруудыг орчин үеийн уур амьсгалтай нэгтгэн, нэгэн төрлийн театрын шоу болгодог. Дизайнер хүний үндсэн ур чадварын талаар ярихдаа тэр үндсэндээ хоёр төрлийн дизайнер байдаг тухай ярив. Нэг нь мэргэжлийн сургууль төгссөн, нөгөө нь мэдрэмжээрээ дизайнер болсон хэсэг. Өөрөөр хэлбэл, харсан, аялсан, туулсан зүйл нь дизайны шийдлийг тэжээдэг тийм дизайнер. Хэчнээн сайн сургууль төгссөн ч материал, орчин, олон улсын загварыг нүдээр үзээгүй бол “сайн дизайнер” болох боломж хязгаарлагдана гэж үздэг.

Нөгөө талаар, дизайнер хүнд нэгдүгээрт, энгийн хүмүүстэй харьцуулахад өнгөний мэдрэмж сайн байх хэрэгтэй аж. Хоёрдугаарт, логик сэтгэлгээ дизайнерт зайлшгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, дизайнер бол зөвхөн гоо сайхны мэдрэмжтэй байхаас гадна, үйлдвэрлэл, хэрэглээний логик уялдааг мэдэрдэг байх хэрэгтэй. Яг л сайн бөх хүчтэй байхаас гадна ухаантай байдаг шиг дизайнер ч мэдрэмж, ухаан хоёрыг хослуулдаг байх шаардлагатай.
Б.Очирнямын хувьд уран бүтээлийн санаагаа олж авахын тулд олон төрлийн арга барил хэрэглэдэг. Юун түрүүнд аялах маш дуртай. Ялангуяа, байгалийн үзэсгэлэнтэй газар, гоё хувцасны дэлгүүртэй газраар аялах нь түүний хувьд бүтээлч зугаалга болдог. Сүүлийн жилүүдэд Хонгконг, БНСУ, Япон зэрэг Азийн орнуудаар, мөн АНУ руу аялсан байна.
АНУ-ын Вашингтон хотын музейнүүд хамгийн сэтгэлд үлдсэн газар бөгөөд 500 метр тутамд шинэ музей, мэдлэг, урам зориг өгдөг орон зай байсныг онцоллоо. Хятадын Ханжоу хотын Торгоны музей технологи, нэхээс, хатгамал зэргийг цогцоор нь танилцуулсан нь бас нэгэн гүн сэтгэгдэл төрүүлсэн аялал болжээ. Өөрөөр хэлбэл, аялал бол түүний хувьд дизайнер-уран бүтээлчийн хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэ санаа, соёлын огтлолцлыг мэдрэх чухал арга юм.
Импортын торгон дахь “гадаад бэлгэдэл”-ийг орлуулах зорилт нь соёлын аюулгүй байдлын санаа
Түүнчлэн Б.Очирням дулааны улиралд өдөр тутам 30-60 минут алхаж, тодорхой давтамжтайгаар өөрийгөө өдөр тутмын ажлаас зориуд хөндийрүүлдэг. Энэ нь түүний дотоод сэтгэлгээ, бүтээлч хүчийг тэтгэдэг хэмээн үздэг. Тэрээр алхаж явахдаа дэлгүүрийн фонт, машин, байгаль, хотын гудамж гээд олон зүйлээс санаа авах тохиолдол бий. Түүний урам зориг авдаг дизайнер бол еврей гаралтай Францын DVF (Диана фон Фюрстенберг) бөгөөд энэ хүн дизайнерын боловсролгүй ч материалын үйлдвэрт ажиллаж эхэлсэн цагаасаа дэлхийн брэнд байгуулсан амжилтаараа Б.Очирнямд үлгэр дуурайлал болжээ. Гэхдээ Б.Очирням шинэ санааг зөвхөн гаднаас биш, дотроосоо ч бас эрж хайдаг. Энэ нь зөвхөн алхах, тэмдэглэл хөтлөх төдий биш, суралцах үйл явц өөрөө бүтээлийн тэжээл болдог гэдэгт итгэдгээс нь шалтгаалжээ.
Австрали нэхий дээл зэрэг шийдэл нь “үндэсний хэлбэр + дэлхийн түүхий эд” гэсэн гибрид стратеги
Сүүлийн үед тэр хятад хэл сурч байгаа. Яагаад гэвэл хэл сурах явцад шинэ санаа төрдөг. Энэ бол зүгээр нэг гадаад үгс цээжлэх тухай биш. Харин өөр хэлээр сэтгэх гэж оролдох мөч бүрд тархинд шинэ нейроны холбоос үүсдэг. Тиймээс хэл бол зүгээр нэг харилцааны хэрэгсэл биш, харин өөр ертөнц рүү нэвтрэх шинэ мэдрэхүй бөгөөд хэл сурч байхдаа зөвхөн номын аргаар явдаггүй. Харин тухайн хэлтэй орчныг ажиглаж, хүмүүсийн харилцах ритм, тэдний хэрэглэдэг дохио зангаа, дуу авиаг “амьтайгаар” мэдэрдэг байна. Ингэснээр тэр зөвхөн үг сурч биш, мэдрэмж хөрвүүлж чаддаг. Бусдад харагдахгүй ч уран бүтээлчийн хувьд тэр сэтгэлгээгээ байнга тэлэх оролдлого хийдэг. Хэл сурах, аялах, өөрийгөө үйл ажиллагаанаас хөндийрүүлэх гээд энэ бүгд нэгэн зорилгын төлөө байдаг нь санаа төрөх орон зайг бэлдэх зорилготой юм.
Монгол агуулгыг загварын хэлээр хүүрнэнэ
Б.Очирням үүсгэн байгуулагчийн үүднээс “Түмэн торго”-ыг Монголдоо чиглэсэн бизнес төдийгүй үндэсний соёлыг дэлхийд танилцуулах соёл-оюуны төсөл гэж харахыг хичээдэг. Тиймээс түүний алсын харааг Монгол дээл, монгол торгыг дэлхийд танигдсан брэнд болгож, “орчин үеийн загварын ярианд монгол агуулгаар оролцох” явдал гэж хэлж болно.
Тэр Монголын дээл, хээ угалз, материалын ухаан нь өөрөө дэлхийд хуваалцах боломжтой өв гэж үздэг. Тиймээс гадаад зах зээл рүү гарах нь дан ганц экспортын тоог өсгөх бус, үндэсний бэлгэдлийн орчин үеийн хөрвүүлэлтийг хийх хэрэгцээ гэж үздэг.
Энэ философи нь түүний брэндийн уран бүтээлийн логик дээр суурилна. Торго, дээл, хээ угалз зэрэг нь уламжлалаас гадна өөр хэлбэрт хөрвөдөг агуулга юм. Тиймээс тэд дэлхийн сонирхлыг татахын тулд “ганц удаагийн шоу биш, тогтвортой контент, хүүрнэл, мэдрэмжийн систем” бүтээх шаардлагатай гэж тэр үздэг. Үүний эхлэл нь Азийн зах зээл, тэр дундаа Хятад улс.
Тэр Хятадын зах зээлд нэвтрэх судалгаа хийж, хэл соёлын мэдрэмжийг гүнзгий судалж байна. Хятад хэрэглэгчдийн гоо зүй, соёлын хандлагыг судалж, хариу болгон “Түмэн торго” бүтээгдэхүүндээ уран зураг, хээ угалз, материалын хэлээр ханддаг. Мөн торгоны дизайн, уран бүтээлийн эрхийг оюуны өмчөөр хамгаалах бодлогоо ч бэхжүүлжээ. Бүтээгдэхүүн бүрийн ард оюуны өмч, уран бүтээлчийн хөдөлмөр оршиж байж олон улсын зах зээлд үнэлэгдэнэ гэдгийг тэр нэгэнтээ ойлгосон.

Ковидын үе “Түмэн торго”-д шинэ сорилт авчирсан ч дотоод нөөцөө дахин эрэмбэлэх боломж болгож хувиргасан. Онлайн худалдааны систем, цахим хуудасны сайжруулалт, олон улсын харилцааны платформыг дэмжих зэрэг шинэчлэлийг хийж, дотоод бүтэц, багийн ур чадвар, технологийн сууриа бэхжүүлжээ. Энэ нь гадаад руу гарах дэд бүтцийн суурь ч болж өгсөн.
Гадаад зах зээлд нэвтрэхдээ тэд зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус, “Монгол амьдралын хэв маяг”-ийг хүүрнэхийг зорьдог. Европын орнуудад зарим загварынхаа зураг авалтыг хийсэн нь энэ зорилготой холбоотой бөгөөд гаднын зах зээлийг загварын хэлээр “тэмтрэх” гэсэн эхний оролдлого нь юм. Харин “Өмсөж болдог урлаг” гэдэг нь хэрэглэгч өөрөө өөрийгөө дахин нээж, бусдаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх зам болж чадна. Энэ бол “fashion” бус “narrative identity” юм. Тиймээс тэдний зохион байгуулдаг үзэсгэлэн, загварын шоу, түүх хүүрнэх контентууд нь бүтээгдэхүүнтэй адил үнэ цэнтэй гэж тооцогддог.
Б.Очирням CEO-гийн хувьд эдийн засгийн тооцоолол, хүний нөөцийн төлөвлөлт, үйлдвэрлэлийн хэмнэл зэрэг “бүтэцтэй” хэсгүүдийг удирддаг ч тухайн системийн сүнсийг “уран бүтээлчийн мэдрэмж”-ээр тэжээдэг. Түүний хувьд бүтээлч байдал ба удирдах ур чадвар нь эсрэг биш, харин нэгнээ тэнцвэржүүлэгч сэтгэлгээний хоёр туйл юм. CEO хүн өөрийн бүтээлийн философийг компанийн бодлого болтол нь шингээж чадвал тэр брэнд өөрөө “амьтай” болно гэдэгт тэр итгэдэг. “Түмэн торго” бол түүний хувьд нэг хүний амбиц дээр тогтсон компани бус, харин монгол гэдэг агуулгын дотоод орон зай, соёлын ярианы цар хүрээ, хүн төрөлхтний сэтгэл зүйн зураглалд өөрийн өнгөөр оролцох алхам гэж ойлгодог.



